Friday, December 4, 2009

Буддизм


МЭӨ 567 онд Сакъя аймгийн Капилавату нийслэл хотод төрсөн Гаутама Сиддхарта 29 настайдаа ертөнцийг хуурамч, хоосон зүйл болохыг ухаарч 7 жил хатуу дэглэмд даяанчлан сууж “ Дөрвөн үнэний номлолоо ” гэгээрэн олж өөрийн сургаалиа дэлгэрүүлж эхэлжээ. Дэлхийн хамгийн догмагтик бус шашин болох энэхүү буддизм нь Энэтхэгт 1000 гаруй жил хөгжин азийн бусад улсуудад ихэд дэлгэрэв. Харин умард зүгт дэлгэрэхдээ Гималайн ард түмний үлгэр домогтой холилдон мухар сүсгийн шинж чанартай болж Төвд, Балбад хөгжин хожим Монголд дэлгэрчээ. Ийнхүү МЭ X зуун гэхэд аугаа их гэгээрэгч Буддагийн сургаал танигдашгүй болтлоо өөрчлөгдөн умард зүгийн ард түмний итгэл бишэрлийн хэрэгцээг хамгийн догмактикаар хангаж эхэллээ. Монголд буддын шашин гурван удаа дэлгэрсэн. Хүннү, Сяньби зэрэг эртний нүүдэлчдийн улсад Хотон, Согд, Дундад азиар дамжин Энэтхэгээс шууд дэлгэрч байсан гэдэг. Хоёрдахь дэлгэрэлт нь Монголчуудын хүчирхэгжилтийн үе болох XIII-XIY зуунд хамаардаг. Энэ үеийн дэлгэрэлтийн үеийн зорилго нь дэлхийн олон шашнуудтай ижил байсан бөгөөд ялангуяа Юань улсын үед буддизм асар их амжилтанд хүрчээ. Монголын түүхэнд хамгийн гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн нь буддизмын 3 дахь дэлгэрэлт байлаа. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалан монголын уламжлалт шашин шүтлэг шиг болж чаджээ. XYII зууны үед Төвдөд байсан буддын шашны Сажава, Гажудва, Гаадамба, Нинмава, Очирт хүлгэн, Гэлүгвэ гэх мэт шашны сектүүд байв. Сект гэдэг нь оршин буюу социал нийгмээ эсэргүүцэж хүмүүсийн үзэл бодол нийгмийн зүй тогтлуудыг өвөрмөц тайлбарлан шинэчлэл өөрчлөлт хийх гэсэн сургаал бүлэглэл юм.
Эдгээрээс хамгийн хүчтэй нь Зова Адиша (982-1054) – ийн үндэслэсэн Гаадамбын, Зонховын (1357-1419) үндэслэсэн Гэлүгвагийн сектүүд байсан ба тэд Төвдөд ноёрхлоо тогтоох нь хүчтэй цэргийн дэмжлэгтэй байхаас хамаарах боллоо. Энэ асуудлыг III далай лам Содномжамц 1578,1587,1589 онуудад Түмэдийн Алтанд Хубилай хааны хэрэглэж байсан бүх цолыг, Халхын Абтайд Очирбат тулгар түшээт хан, Шолойд Махасамади гэгээн цэцэн хан цолуудаар тус тус өргөмжлөн өөрийн гэлүгвагийн сектэд элсүүлснээр Монголд ламаизмыг дэлгэрүүлэх үүд хаалгыг нээж, амжилттай шийдвэрлэжээ. Төвдийн шашны бусад сектүүд Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан ч Гэлүгвагийнхан шиг амжилт олсонгүй.
Дэлхийн хамгийн догматик бус шашин буддизмын нэг урсгал мөртөө магадгүй дэлхийн хамгийн догматик шашин ламайзм монголд хүчтэй дэлгэрч энэ ард түмнийг уламж хоцрогдуулан 200-аад жилийн турш ертөнцийн хөгжлөөс тусгаарлажээ. Энэ хугацаанд 780-аад сүм хийдэд 110,000 лам нар буддын соёл иргэншлийн сонгодог хэлбэрээр бүтээсний ихэнхи нь аймшигт репрессээр үгүй болсон юм. Гэсэн ч буддизм монголын нийгэмд зан заншил хэв суртлаараа дамжин хамгийн сайн хадгалагдсан нийгмийн гишүүдийн ихэнхийг автоматаар өөрийн гишүүнд тооцдог эклессия шинж чанартай. Иймээс бид бичиг үсэггүй харанхуй бүдүүлэг XX зууны эхэн үеийн монголчууд шиг сүм хийдэд мухар сүсгээр хандалгүй цааш утга учир билэгдлийг нь мэдэж байх хэрэгтэй.
Буддын сүм хийдийг зориулалтаар нь Шаддын, Дубдагийн гэж ялгадаг. Монголд шашны сургалтын үйл ажиллагаа явуулдаг Цанид, Жүд, Мамба, Ламрин дацантай шаддын хийд байдаг. Мөн дацангүй түвд ном уншлага хийн шүтээний үүрэг гүйцэтгэдэг сүм хийдүүд ч бий. Харин дубда нь дээрх дацанд суралцан цол хүртээд Энэтхэг, Түвдэд очин бурхны мөн чанарт нэвтрэх шат болдог. Дуун ухаан, учир шалтгааны ухаан, дотоод ухаан, тэжээхүйн ухаан, урлахуйн ухаан гэсэн их таван ухаан , зурхай, яруу найраг, ёгт өгүүлэхүй, холбон найруулахуй, жүжгийн гэсэн бага таван ухаан 2083 зохиолыг багтаасан 108 боть Ганжуур, 210 боть Данжуурт буддын бүх ном цогцоор багтдаг. Ганжуур, Данжуурыг их номч Будон Ринчендуб (1290-1364) тэргүүтэй эрдэмтэд буддын бүх номлолын шүүн орчуулж эмхтгэсэн байна.
1871 онд 2400 эрдэмт лам нар Бирмийн Мандалай хотноо цугларч Буддын 3 савд багтдаг олон номыг сайтар шалгаж 729 гол номлолыг сонгон авч “гол ном” хэмээн албан ёсоор зарлаж гантиг самбар дээр сийлж үлдээжээ. Энэ их номын далайг хүн насан туршдаа хичээнгүйлэн үзэж сая гэгээрсэн хүн болон буддагийн мөн чанарт хүрдэг гэж ярилцдаг.
Хүн төрөлхтний нийтлэгээс ангид ийм өвөрмөц, туйлын хатуу чанд боловсрол байдаггүй. Тухайлбал гавж болохын тулд Дүрэ буюу учир шалтгааны аймгийг үзнэ. Хүний ухааныг задруулах ном бөгөөд хүний ухааныг нэг юман дээр удаан тогтоод байдаггүй түргэн гүйх чадвартай болгодог. Дүрэ аймгийн номыг таван жил тасралтгүй үздэг. Дараа нь Парчин буюу билэгийн чанадад хүрэхийн аймгийг үзнэ. Өглөг өгөх, санваар сахих, хүлцэнгүй тэвчээртэй байх, сэтгэлээ тогтвортой байлгах, бясалгах ухааны шалгуур юм. Өөрөөр хэлбэл, ертөнц мөнх бус гэдгийг дөрвөн жил энэ номыг үзэж байж ойлгоно. Дүрэ парчинг 9 жил үзээд дом тавьж гэвш хэмээх цол авдаг. Дараа нь Ум буюу төв үзлийг үзнэ. “Үнэнээс бүтсэн юм нэг ч байхгүй. Тэгвэл үнэн юм нэг ч байхгүй юу гэтэл байхгүй биш байгаа юм” гэдэг үзлийг хоёр жил үзэж учрыг нь ойлгодог. Дараа нь Зод буюу Гуусан хэмээх аймгийг үздэг. Ертөнцийн тогтоц галав эвдрэх ба тогтох ёсыг үзнэ. Үүнд элдэв тоо томьёо одон зурхайг хэрэглэх чадвартай болдог. Үүнийг хоёр жил үзсэний дараа Дүлба буюу номхотгох аймгийг үзнэ. Хүний сэтгэлийг засах сахилга журамтай байх ёсыг номлон арван хар нүгэл, арван цагаан буяны учрыг зургаан жил үздэг. Үүний дараа дом тавьж гаарамба болдог. Ингээд бүх номоо дахин нягтлан үзэж гавжийн дамжаа барьдаг. Дараа нь Агийн буюу тарнийн ном үзэж аграмба болон энэ насандаа бурхан болох аргыг мэдэж авдаг юм.
XIX зууны сүүлч XX зууны эхэн үеийн Монголын уран барилгын шилдэг бүтээлийн нэг нь “ Чойжин ламын сүм ” юм. Энэ нь төрийн Чойжингийн сүмийн хувьд өөрийнхөө үед нэртэй сүм байлаа. Сумийг 1904-1908 оны хооронд VIII богд Жавзандамбын төрсөн дүү, шарын шашны нөлөө бүхий томоохон лам Лувсанхайдавт зориулан уран барилгач Омбо удирдан Монголын ардын уран барилгчид барьж байгуулсан. Энэ сүмд 1938 оныг хүртэл хурал ном хурж байсан ба 1941 оны 11-р сарын 13-ны өдрийн Улсын бага хурлын зарлигийг үндэслэн түүх соёлын тэргүүн зэргийн дурсгалуудын тоонд багтаан оруулж, ШУА ( судар бичгийн хүрээлэн )- ийн мэдэлд шилжүүлэн улмаар 1942 оноос музей болгосон байна.
Лувсанхайдав буюу Чойжин лам нь Төрийн их Чойжин байсан ажээ. Учир нь жирийн ард түмэнд үйлчилдэггүй, зөвхөн язгууртан ихэс дээдсийн захиалгаар Чойжин буух зан үйлийг хийдэг байсан ба шашин төрийн томоохон үйл ажиллагаанд том хэргэм зэрэгтэй лам нар цуглардаг байв. Чойжин гэдэг нь Шашны хамгаалагч буюу номыг тэтгэгч гэсэн утгатай. Чойжин болоход хүссэн лам болгон болдоггүй. Зөвхөн “Чойжин сахиус ” оршсон лам нар л Чойжин болдог онцлогтой юм. Сумийн бүх барилга нь асар маягийн эргэсэн дээвэртэй, тэр нь шаталсан 4 хэсгээс бүрдэл болж түүнийг зааглан дагасан хянган хамар дээгүүр морь унасан эртний баатар, ан акльтан, араатан жигүүртэн зэрэг сүлжилдэн харагдах бөгөөд өнцгийн яс модны үзүүрт амьтны дүрс сийлсэн зэрг нь цөм л үлгэр домгийн зөн билэгдлийн хэллэгтэй юм. Чойжин ламын сүм музей нь 50000 орчим үзмэртэй юм . Чойжин ламын сүм музей нь : 1. Махранзын сүм 2. Гол сүм 3. Гол сүмийн 2-р хэсэг болох гонхон 4. Зуугийн сүм 5. Ядамын сүм 6. Хотол чуулганы тус Амгалангийн тив сүм

No comments:

Post a Comment